Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Намрын ногоон өдрүүд 2021 нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ

2021/09/17
НИЙСЛЭЛ.mn

Жил болгоны намар зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр Мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэллээ.

Арга хэмжээг нээж ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэхдээ “Намрын ногоон өдрүүд арга хэмжээг мал аж ахуйн  салбараар эхлүүлж байгаа нь учиртай. Мал аж ахуйн салбар нь манай орны уул уурхайн салбарын дараа ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг,  экспортын орлогын 8 орчим хувийг бүрдүүлж нийт хүн амын гуравны нэг хувь нь мал аж ахуй эрхэлдэг” гэв.

Зохион байгуулагч талаас ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш: "Энэ жил оролцогч байгууллагууд дээр хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийнхэн нэмж оролцож байна. Мөн цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм дор ариутгал халдваргүйтгэлийг маш сайн хийж, зохион байгуулж байгаа учир ирсэн хүн бүтээгдэхүүнүүдээс айдасгүй худалдан авч болно. Энд худалдаалж байгаа болон өдөр тутам шинээр ирэх бараа бүтээгдэхүүнээс мэргэжлийн хяналтынхан шинжилгээ авч байна" гэв.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд болж байна. Хүрээлэнгийн зүүн жигүүрт хүнсний ногоо, мал эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, ноос ноолууран эдлэл харин баруун жигүүрт сүү сүүн бүтээгдэхүүний асрууд байрласан. Иргэдийн хөл хөдөлгөөн хүрээлэнгийн зүүн хойд хаалганаас нар зөв эргэсэн байдалтай байв.

Өнөөдөр сүү сүүн бүтээгдэхүүн, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн гарна. Энэхүү арга хэмжээг  зохион байгуулснаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдах, мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, тариаланчид тариалангийн талбайгаас ургацаа борлуулах олон давуу талтай юм.

Оролцож буй иргэд, аж ахуй нэгжүүд худалдан авагч нарт бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулалтаа өсгөх нь тэдний зорилго. Төв цэнгэлдэх хүрээлэнг зорин ирэх иргэдийн хөл хөдөлгөөн нээлт эхэлснээс хойш тасрахгүй байлаа. Үйл ажиллагаанд үндэсний томоохон үйлдвэрлэгчдээс эхлээд нийт 470 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцоно. Энэхүү арга хэмжээ энэ сарын 16- 23-ыг хүртэл  болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)