Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Путин утасгүй учраас өөр хүний утаснаас парламентын сонгуульд саналаа өгсөн гэв

ОХУ-д парламентын сонгууль гурав хоног явагдаж дууслаа. Сонгуульд биечлэн саналаа өгөхөөс гадна цахимаар өгөх боломжтой байв.

Тус улсын Ерөнхийлөгч Путин Төрийн Думын сонгуульд цахимаар оролцсон бөгөөд өөрөө утасгүй тул туслахынхаа утсаар саналаа өгсөн гэж  түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Москва ярьж байна" радиод өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Тэрээр "Ерөнхийлөгчид үнэхээр утас байхгүй. Туслахуудынхаа нэгнийх нь утсыг санал өгөхдөө ашигласан" гэв. Өмнө нь Ерөнхийлөгч өөрийгөө гар утасгүй ч бусадтай харицлах харилцааны хэрэгслүүд байгаа гэж хэлж байжээ.

ЭРХ БАРИГЧ НАМ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

Оросын эрх баригч нам сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болжээ. Тухайлбал, Төрийн Думын 450 суудлаас 306 суудал эзэлдэг “Нэгдсэн Орос" нам энэ удаад нийт сонгогчдын 40 хувь,

  • ОХУ-ын Коммунист нам 24.40 хувь,
  • Либерал ардчилсан нам 9.3 хувь,
  • "Шинэ хүмүүс” нам 7.59 хувь,
  • "Шударга Орос" нам 6.86 хувийн санал авчээ. Бусад намууд урьдчилсан дүнгээр 5 хувь хүрээгүй байна.

Тус улсад парламентын сонгуулийг есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд буюу анх удаа гурав хоногийн хугацаанд явуулсан байна. Ийм хувилбарыг 2020 оны Үндсэн хуулийн бүх нийтийн санал хураалтын үеэр туршиж байв.

Санал хураалтын сүүлийн өдөр ажиглагчид олон тооны зөрчил илэрсэн талаар гомдол гаргажээ. Сонгуулийн төв хорооноос ирц 45,15 хувьтай байсан гэв. Өнгөрсөн сонгуульд ирц 47,81 хувьтай байсан байна. Оросын холбооны улсын захиргааны долоон нэгжид цахим сонгууль явагджээ. Хүмүүс саналаа зайнаас  өгсөн бөгөөд сонгуулийн ирц Москва хотноо 96,5 хувьтай буюу хамгийн өндөр байв. Түүнчлэн Севастопольд 89.64 хувь, Ростовт 92.01, Ярославт 94.47 хувьтай байжээ.

Цахим сонгуульд оролцсон иргэд байр, автомашин хожих сугалааны эрхтэй болсон байна. Сугалаанд хожсон иргэдийн нэг нь Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков байв. Тэрээр 10 мянган оноо хожсон ба хожлоо буяны үйлд зарцуулна гэжээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)