Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Д.АЛТАНЦЭЦЭГ: ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АИ-95 БЕНЗИН ҮЙЛДВЭРЛЭНЭ. АИ-92, АИ-98-ЫГ ҮЙЛДВЭРЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс Шадар сайд С.Амарсайханд хандан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсов.

Шадар сайд С.Амарсайхан "Үйлдвэрийн урьдчилан сонгон шалгаруулалтад есөн улсын 22 чиглэлийн компани оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тавьсан нөхцөл шаардлагыг хангасан 15 компанид тендерт оролцох бичиг баримтыг хүргүүллээ. Тээвэрлэлтийн асуудал хүнд байна. Энэтхэгээс Тяньжин руу хүргэх ачааны үнэ нэмэгдсэн. Тяньжин боомтод бөөгнөрсөн ачааны татан авалттай холбоотой асуудал яригдаж байгаа. Гадаад харилцаа болон Зам, тээврийн сайд нарт үүрэг өгсөн" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн бэ? Хоцорч ашиглалтад орохоор бол юунаас болж хугацаанаасаа хойшлох вэ? Орон нутаг болон Засгийн газраас ямар дэмжлэг хэрэгтэй болон хүндрэл юу байна. Үйлдвэр ашиглалтад орсны дараа ямар төрлийн бүтээгдэхүүн гарах вэ. Өргөн хэрэглээний дизель түлшийг бүгдийг нь үйлдвэрлэх үү? Зах зээлийн үнэ нь ямар байх вэ? Энэ үйлдвэр шатахууны хэчнээн хувийг хангах вэ" хэмээн асуув.

Шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнээс доод тал нь 25 хувиар буурна

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хариулахдаа "Анх 2018 оны арванхоёрдугаар сард УУХҮЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-гээ батлуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн 12 технологийн байгууламжтай. Эдгээр 12 байгууламж нь тус бүрдээ үйлдвэр гэсэн үг.

2018 оны сүүлчээр тооцоолж байхад 2023-2024 онд барилгын ажлыг дуусгана гэж байсан. Энэ үйлдвэр нь Монголд анх удаа баригдаж байгаа маш том хэмжээний байгууламж. Бид барилгын ажилд шаардлагатай бетоноос бусдыг гадаадаас авч байгаа. Барилгын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна. Одоогоор инженерийн ажил үндсэндээ дууссан. Инженерийн ажлыг баруун европ, АНУ-ын болон Энэтхэгийн компаниуд гүйцэтгэсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэр эхний ээлжид түлш, шатахуун үйлдвэрлэх зорилготой. Бүтээгдэхүүний хувьд 60 орчим хувь нь дизель бүтээгдэхүүн байна. АИ-95 бензин үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98 бензин үйлдвэрлэхээс татгалзсан. Бид дахиад сайжирч байж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой.

Жилд 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ гэж тооцсон. Ирээдүйд 120 мянган тонн болгохоор зорино. Нэгж бүтээгдэхүүний өртгийн хувьд импортын бүтээгдэхүүнээс хямд байна. Гаалиар нефть импортлогч компаниуд нэгж бүтээгдэхүүнээ оруулж ирдэг үнээр бид бүтээгдэхүүнээ борлуулах юм. Шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнээс доод тал нь 25 хувиар буурах боломж харагдаж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх зардлын 85-90 хувийг түүхий тос эзэлдэг. Түүхий тосны хангамжийн асуудлыг төр засгаас шийдээсэй гэж хүсэж байна" гэдгийг хэллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)