Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Дээд шүүхийг Хангарди ордон руу нүүлгэх чиглэл өгчээ

2021/10/11
НИЙСЛЭЛ.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж буй нийт шүүгчийн чуулганд оролцож үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ "Монгол Улсад анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартайгаар 43 барилгад үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс найман шүүхийн тамгын газар түрээсийн байранд бий.

Манай дийлэнх шүүхүүд шүүн таслах ажлын зориулалтыг хангахгүй байранд байрлаж байгаагаас шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэргээр иргэдийн эрх зөрчигдөж байна. Тэр бүү хэл Монгол төрийн шүүх гадаад улсын эзэмшлийн байрыг түрээслэн ашиглаж байгаа тохиолдол ч байна.

Цар тахал, эдийн засгийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн хомсдол гээд хүндрэлтэй асуудал олон байгаа хэдий ч Монголын төр засаг шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн байрыг шийдэх асуудал бол угтаа Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж буй асуудал болохоос биш шүүгчийн эрх ямбыг нэмж буй асуудал огт биш юм.

Иймээс Төрийн тэргүүний хувьд Улсын Дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрээр Улаанбаатар хотын захиргааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэн шилжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгөөд буй.

Нийслэлийн Засаг захиргааны шинэ байр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор “Хангарди” ордны барилгыг хувьчлах шийдвэрийг НИТХ-аас хоёр жилийн өмнө гаргасан. Шийдвэрийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах зар түгээсэн ч "Хангарди" ордны дараагийн эзэмшигч одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Хангарди ордныг дуудлагаар худалдаалах шийдвэр гарч, 2020 онд зохион байгуулах ёстой байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас шийдэгдээгүй. Анхны үнэлгээг 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Нийслэлийн одоогийн байр бол нийслэлийн өмч. Үүнийг хэрхэхийг НИТХ-аас шийдвэрлэнэ" хэмээж байв.

Нийт 9774.7 ам.метр талбайтай 15 давхар бүхий "Хангарди" ордны барилгад нийслэлийн 14 газар, агентлаг үйл ажиллагаа явуулдаг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)