Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Л.Энх-Амгалан: Багш нарын суурь цалинг багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэх боломжтой

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан 2022 оны боловсролын салбарын төсвийн талаарх мэдээлэлдээ багш нарын цалин урамшууллын системд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар ярилаа.

Тэрээр “Гүйцэтгэлд суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлнэ. Боловсролын салбарын санхүүжилт суурь санхүүжилт буюу цэцэрлэг сургуулийн дулаан, цахилгаан, барилгын урсгал зардал байдаг ба мөн нэг хүүхдийг сургах хувьсах зардлаас эх үүсвэрээ авдаг. Цаашдаа бид дээрх дээр нэмээд үр дүнд суурилсан урамшуулал гэсэн шинэ тогтолцоог нэмж гурван эх үүсвэрээр цэцэрлэг, сургуулийг санхүүжүүлнэ.

Монгол Улсад байгаа нэг хүүхдийн хувьсах зардлын тогтолцоог тухайн сургуулийн байршил, хэв шинж, ахиц амжилттай уяж санхүүжүүлэх шаардлагатай. Нэг хүүхдийн хамгийн өндөр хувьсах зардал авч байгаа нь Говь-Алтай, Дорноговь, Булган зэрэг аймгууд байгаа ба сурлагын амжилттай холбож үзэхэд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна. Тиймээс бид хувьсах зардлыг өөрчилснөөр яг хүүхдэдээ, багшдаа, сургуульдаа хүрэх боломж бүрдэж байж боловсролын салбарын чанарын үнэлгээг шинэ шатанд гаргах болно.

Ер нь сургуулиудыг хооронд нь, багш нарыг хооронд нь, сурагчдыг нөгөөтэй нь өрсөлдүүлэхгүй. Харин өнгөрсөн онтой харьцуулахад ямар ахиц дэвшил гарсныг нь харгалзан үр дүнд суурилсан санхүүжилтийг хийнэ.

Багш нарын суурь цалин өндөр болж байж л түүн дээрээс бодогддог нэмэгдэл, урамшуулал илүү хувиар тооцогдох учраас энэ зорилгыг дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хувьсах зардлын аргачлалаа шинэчилснээр багш нарын цалин хөлс дунд болон урт хугацаанд бодитойгоор үнэлэгдэх, тэдний халааснаас үргэлж гардаг сургалтын материал, цаас, интернет, комьютерийн элэгдлийн зардлууд нь эндээсээ тооцогддог байх шинэчлэлтийг хийнэ. Ер нь багш нарын цалин хангамж, хөдөлмөрийн үнэлэмжийг нэлээн өндөр түвшинд гаргаж байж чанартай боловсрол шаардана.

Тиймээс 2022 оны улсын төсөвт хийх өөрчлөлтүүд ч үүнд чиглэж байна. Жишээ нь, багш нарын цалингийн эх үүсвэр нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал дээр суурилдаг учир үүний аргачлалыг өөрчлөх, тэдний суурь цалинг өндөр болгох юм. Суурь цалин өндөр болж байж л түүн дээрээс бодогддог нэмэгдэл, урамшуулал илүү хувиар тооцогдох учраас энэ зорилгыг дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Багш нар үр дүнгийн,  ур чадварын гээд хэд хэдэн урамшуулал авдаг. Ямар шалгуур, хэмжүүрээр, хэнд, хэрхэн олгох талаарх үзүүлэлтүүд бүхий урамшууллын тогтолцоо нь шударга бус юм. Багш нар үр дүнгийн,  ур чадварын урамшууллаа цалингийнхаа нэг хэсэг гээд олон жил буруу ойлгож, хүлээлт үүссэн.  Мэдээж багшийн гүйцэтгэлийн үр дүнтэй уяна. Гэхдээ орлого, үр дүнгийн урамшууллыг нь суурь цалингийнх нь нэг хэсэг болгох юм бол суурь цалинг хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын дундаж цалин буюу 1,2-1,3 сая төгрөгийн түвшинд хүргэх боломжтой гэж харж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)