Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр 1,036 албан хаагч томилогджээ

2021/10/20
НИЙСЛЭЛ.mn

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсов.

УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасан эрхлэх асуудлын хүрээнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг хариуцан ажиллах зохицуулалттай гэдгийг Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэмдэглэлээ.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран өнгөрөгч оны есдүгээр сарын 10,11,14-ний өдрүүдэд Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнд УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд зэрэг нийт 5,000 орчим төлөөлөгч хамрагдсан.

Нэгдсэн зөвлөгөөнөөр төрийн байгууллагуудын ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, хариуцлага тооцох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох, харилцаа хандлагыг шинэчлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм.

Ёс зүйн зөрчил гаргасан 475 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгосон
Төрийн албаны тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 2,711 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Үүнээс 2,118 нь “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу 25 түүнээс дээш албан хаагчтай байгууллага байгаа бол 593 нь 25 хүртэл тооны албан хаагчтай байгууллага байна.

 

Мөн дээрх хугацаанд Ёс зүйн зөвлөлүүд нийт 1,591 ёс зүйн зөрчил шийдвэрлэснээс 475 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгох, 1,050 албан хаагчид сануулах шийтгэл ногдуулах, 11 албан хаагч сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөж, 55 албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг гомдлоор 945, мэдээллээр 240, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 15, олон нийтийн сүлжээгээр 22, байгууллагын дотоод хяналтаар 895-ыг тус тус илрүүлсэн. Ёс зүйн зөрчлийг агуулгаар нь үзвэл ажлын хариуцлага алдсан зөрчил 81, албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурсан зөрчил 96, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил 7, ажлын цаг ашиглалтын зөрчил 6, харилцаа хандлагын зөрчил 148, нууц задруулах, захирах захирагдах ёсыг зөрчих, албаны нэр барих, байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглах зэрэг бусад зөрчил байна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулгадаа дурдав.

Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийн хүсэлтээр төрийн албан хаагчийн ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн 28 удаагийн сургалтыг зохион байгуулж, 80 байгууллагын 1,655 албан хаагчийг хамруулжээ.

Төрийн байгууллагын дэргэд байгуулагдсан Ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдэрч, ёс зүйн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ахиц үзүүлж байна.

Нөгөө талаар Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг эрх бүхий албан тушаалтан батлахаар зохицуулснаас үүдэж байгууллага бүр харилцан адилгүй зохицуулалтыг журамласан, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ялгамжтай зэрэг бэрхшээл үүсгэж байна. Мөн зөвлөлийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, ажлын үр дүнг тооцох нийтлэг арга, аргачлал гаргах хэрэгцээ шаардлага байгаа гэлээ.

Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдийн уялдааг сайжруулах, нэгдсэн зохицуулалттай болгох үүднээс Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөлд саналаа өгчээ. Төрийн албаны зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсэг төрийн 668 байгууллагаас санал авч нэгтгэн, Улсын Их Хурлын даргын 2021 оны 25 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлжээ

Төрийн албаны зөвлөлөөс танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Бейсен, Х.Баделхан, Ж.Мөнхбат, С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуусан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Бейсен нар орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалт, мэдээллийн ажил дутмаг байгааг сануулаад ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, төрийн албанд ажиллахыг хориглосон, хуулийн хариуцлага хүлээсэн хүмүүсийг өөр байгууллагад ажиллуулах, удирдах албан тушаалд томилох зэрэг зөрчлийг арилгахад авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу томилогдсон албан хаагчдын сонгон шалгаруулалтын талаар асуув.

Төрийн албаны зөвлөлөөс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээллийн нэгдсэн сантай болох ажлыг эхлүүлсэн. Ёс зүй, сахилга хариуцлагын зөрчилтэй хүнийг төрийн албанд дахин томилж байгаа байдлыг мэдээллийн нэгдсэн сантай болсноор бүрэн хянах боломжтой болно. Одоогийн байдлаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт, шалгалтын ажлыг хийдэг. Төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилсон зөрчлүүд илэрсэн.

Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасантай холбоотойгоор төрийн албанд сонгон шалгаруулалтгүй нийт 1,036 албан хаагч томилогдсон.

Цар тахлын эсрэг нэг удаагийн хуулийн үйлчлэх хугацаа дуусмагц сонгон шалгаруулалт зарлаж, томилгоо хийхээр төлөвлөсөн. Дээрх хуулийн дагуу томилогдсон албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурыг хангавал сонгон шалгаруулалтад орох боломжтой. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж өнгөрөгч наймдугаар сараас төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулж эхэлсэн гэдгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам нар хариултдаа онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нар төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд Улсын Их Хурлын гишүүд,  Төрийн албаны зөвлөлийн гишүүд манлайлж ажиллах хэрэгтэй. Ёс зүйн болон сахилгын хариуцлагын ялгааг тодорхой болгож, төрийн албыг улс төрөөс ангид байлгахын шаардлагатай бүх арга хэмжээг авч, санаачилгатай ажиллахыг сануулав.

Ингээд гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Төрийн албаны зөвлөл болон Улсын Их Хурлын даргын 2021 оны 25 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлэхээр болсноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)