Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Эмээлт дэх 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжиллээ

2022/06/03
НИЙСЛЭЛ.mn

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр байгаа бөгөөд үүнээс 15 үйлдвэр нь дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй. Ковидын үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоосон байсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 10-наас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлсэн. Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв. Битүүмжилсэн үйлдвэрүүдийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн дотоодод зарагдсан, Улаанбаатар хот руу орсон гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй гэлээ.


Шадар сайд С.Амарсайхан “Ковидын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн хяналт шалгалтаар дарамт шахалт үзүүлэхгүй байх үүднээс төлөвлөгөөт шалгалтыг зогсоох хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнс, барилга дэд бүтэц, байгаль орчны аюулгүй байдлын асуудлыг төрийн хяналтаас гадуур орхиж хэрхэвч болохгүй. Мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр улсын хэмжээнд 170 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүгдийг эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж ажиллаж байгаа эсэхийг шалгаж байна. Эмээлт дэх зарим аж ахуйн нэгжүүд хууль журам зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ анхаарч, хяналт шалгалт хийж байгаа. Буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрт ил тод, нээлттэй өгч байх болно” хэмээсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг болох хүнсний асуудал, хүнсний эрүүл ахуйн шаардлага, норм стандартыг мөрдүүлэхэд УИХ, Засгийн газраас онцгой анхаарч, иргэд олон нийтийн давхар хяналтын дор мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, стандартын асуудлыг цэгцлэхээр ажиллаж буйг тэрбээр мөн онцолсон.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Чанаргүй, стандартын шаардлага хангахгүй мах дотоодын зах зээлд нийлүүлэгдээгүй. Тухайлбал, нөөцийн махыг дотоодын 23 аж ахуйн нэгж бэлтгэдэг. Нөөцийн мах бэлтгэгчид эрүүл ахуйн чанарын стандартыг сайтар баримталдаг. Махны эскпортын тухайд манай улс жилд нийтдээ 44.2 мянган тонн мах экспортолдог. Сүүлийн гурван жилд 105 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын орлого олсон дүн мэдээ байна” хэмээн ярилаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)