
ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа эхэлсэнтэй холбогдуулж Монголтой хил залгаа автозамын боомтод урт дараалал үүссэн тухай зураг, мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад " Өчигдрөөс эхлэн Монгол тал руугаа зорчих хөдөлгөөн ихэссэн. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд дугаарлаж буй 60 орчим машин байна. Өмнө нь арай олон тооны машин байсан ч цаад талдаа зохицуулалт хийж дараалал багассан дүр зурагтай байгаа. Яг хил дээр бол 30-40 машин дугаарлаж байна.
Хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй тул гадаад пасспорттой, урьд өмнө нь ямар нэгэн зөрчил байгаагүй ОХУ-ын иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Одоогоор манай улсад буй гадаад иргэдийн тоо 17-18 мянган орчим байгаа нь үндэсний аюулгүй байдлын баримт бичигт заагдсан хувь хэмжээнд хүрэх болоогүй" гэлээ.