Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Үндэсний соёл амралтын хүрээлэнг ногоон байгууламжаар тохижуулна

2022/10/06
НИЙСЛЭЛ.mn

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийг "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран тохижуулахаар боллоо. Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа нар байгуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нар байлцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэгтэйгээр хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Хүүхдийн парк 1966 онд байгуулагдсан, чухал газар. Хотын иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдралын төлөө хамтран ажиллаж байгаад талархаж байна” хэмээлээ.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч байгаа. Энэ хүрээнд Хүүхдийн паркийг хоёр хэсэг хуваан, тохижилтын ажил хийнэ. А хэсэг буюу 10.2 га газарт тохижилтыг "Рио Тинто Монгол" ХХК хийх юм.

"Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн паркийн баруун хэсэг буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж бүхий хэсэг болгон сэргээн засварлах юм. Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх буюу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлууд хийх юм” гэлээ. Тус компани төслийг хэрэгжүүлэх явцдаа олон нийтийн оролцоог хангах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах зарчим баримталж ажиллахаар төлөвлөжээ.

Хүүхдийн паркийн Б хэсэгт нь Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК тохижилт хийхээр төлөвлөсөн. Энэ талаар тус компанийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа “Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га газрыг бид нийслэлд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ газарт "Рио Тинто Монгол" ногоон байгууламж хийнэ. Б хэсэг буюу үлдсэн зургаан га газарт жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой паркийн өргөтгөлийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Гурван талт хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулагдсанаар цаашид Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах ажлуудыг шат дараатай хийж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)