Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ё.Жаргалсайхан: Эрээнээс Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн үнэ 6.7-8.2 сая төгрөгийн ханштай байна

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас авто замын боомтууд, ачаа тээврийн цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Манай улсын хэдэн боомт хэвийн үйл ажиллагаатай байна вэ?

-2023 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар БНХАУ-тай хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган найман боомтоор тээвэрлэлт хийгдэж байгаа. Хавирга, Сүмбэр, Даян боомтууд одоогоор нээгдээгүй байна.

ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд хоёр талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа бөгөөд Алтанбулаг, Цагааннуур боомтуудаар зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ явагдаж байгаа.

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээсэн. Түүнээс гадна Гашуунсухайт, Булган боомтуудаар ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс Хавирга боомтыг нээх төлөвтэй байна.

-Тус боомтууд дахь зорчигч болон ачаа тээвэр, тээврийн үнийн талаар тодруулбал?

-Замын-Үүд боомтоор өдөрт 80-104 ачааны автомашин, том оврын 7-12 автобус 120-294 зорчигч БНХАУ руу нэвтрэн тээвэрлэлт хийж байгаа. Харин экспортын 10-15 машин гарч байна. Тарифын хувьд Эрээнээс Замын-Үүд рүү 24 тонн буюу 63 м.куб ачаа 7,200-8,100 юань буюу 3,609,550- 4,120,000 төгрөг, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 6,700,000-8,240,000 төгрөгийн ханштай байна. Цар тахлын үетэй харьцуулбал ачаа, тээврийн үнэ буурах төлөвтэй байгаа.

Ханги боомтоор өдөрт 60-252 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, 4,380-18,400 тонн нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна. Үнэ тарифын хувьд Гаалийн хяналтын талбайгаас 1 тонн нүүрс 21,630 төгрөгийн ханштай.

Бичигт боомтоор өдөрт 50-75 тээврийн хэрэгсэл нэвтрэн хилийн шугам дээр ачаа солилцох байдлаар 3,910-5,000 тонн нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна.

Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 586-831 автомашинаар 73,000-103,000 тонн нүүрс, 25-50 орчим автомашин 1,100-2,200 тонн зэсийн баяжмал, импортын ачааны 8-17 автомашин хилээр нэвтрэн тээвэрлэлт хийж байна. Тарифын хувьд уртын тээвэрт тонн тутамд 56,650 төгрөг, богинын тээвэрт 146,780 төгрөгийн ханштай.

Шивээхүрэн боомтоор өдөрт нүүрс тээврийн 135-288 орчим автомашин хилээр нэвтрэн 20,500-42,560 тонн нүүрсний экспортын тээвэрлэлт хийж байна. Тарифын хувьд 1 тонн тутамд 36,000 төгрөгийн ханштай. Одоогоор хилийн шугам дээр чингэлэг солилцож байгаа. Удахгүй хятадын тал руу жолооч нарыг нэвтрүүлнэ гэсэн албан мэдээтэй байна.

Баянхошуу боомтоор өдөрт 46-50 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч 11,900-12,100 баррель газрын тосыг хилийн шугам дээр чиргүүл солилцох байдлаар тээвэрлэлт хийж, Булган боомтоор мөн ачаа зорчигч тээвэрлэлт хэвийн горимд шилжсэн. Өдөрт 30-60 орчим тээврийн хэрэгсэл 3,750-4,400 тонн нүүрсний тээвэрлэлт хийж байна.

Бургастай боомтоор өдөрт 10-60 орчим тээврийн хэрэгсэл 300-500 тонн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж байгаа.

-ОХУ-тай хиллэдэг боомтуудын тээврийн нөхцөл байдлын талаар?

-Алтанбулаг боомтоор өдөрт импортын 220.4-425 тонн ачаатай 13-24 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 20-25 тээврийн хэрэгсэл, Боршоо боомтоор 50-27765 тонн ачаа бүхий 6-12 орчим ачааны автомашин тус тус орж ирж байна.

 

Эх сурвалж: Ikon.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)